emiin tuhai medeelel
О.Баатархүү: Элэгний вирустэй бол тусгай дугаарт бүртгүүлж, эмчилгээнд хамрагдах боломжтой
Нийтэлсэн: 2014-09-09 13:52:06
-"Эрүүл элэг" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирусийг устгах, элэгний хавдар, хатуурлаас үүдэлтэй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилго тавьжээ. Судалгаанаас харахад элэгний өвчлөлийн нас баралтын 95 гаруй хувь нь гепатит В, С, Д вирусийн архаг халдвараас үүдэлтэй гэсэн үзүүлэлт гарсан байна?
-Манай улс элэгний хорт хавдар, өвчлөлтын тоогоор дэлхийд дээгүүр байрт ордог. Элэгний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын 95 гаруй хувь нь гепатит В, С, Д вирусийн архаг халдвараас үүдэлтэй.
Энэхүү тоон үзүүлэлт монгол хүний эрүүл мэнд цаашлаад үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлөхөд хүрч байгааг харуулж байгаа юм. Энэ бүхнийг арилгах, элэгний өвчлөлттэй тэмцэх зорилгоор "Эрүүл элэг" үндэсний хөтөлберийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Хөтөлбөрийг зүгээр тоон судалгаан дээр үндэслэн хэрэгжүүлэх гэж байгаа юм биш. Маш удаан хугацаанд судалгаа явуулж, өнгөрсөн цаг хугацааны алдаа оноон дээр тулгуурлан хэрэгжүүлэхээр хөтөлбөр санаачлан Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн харьяа мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлт гаргаад байна.
Хөтөлбөрийн том хоёр зорилго нь 2020 он гэхэд гепатит С вирусийг устгах, элэгний хавдар, хатуурлаас үүдэлтэй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан хэрэг юм. "Эрүүл элэг" үндэсний хөтөлбөрөөр өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчилгээ гэсэн гурван үндсэн дэд хөтөлбөрт хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ер нь манай улсад элэгний хосмолжсон өвчлөл элбэг байна.
-Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг вируст гепатитын шинжилгээнд нийтэд нь хамруулна гэсэн. Хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой вэ?
-Бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээнд судалгаа хийсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар болон мэргэжлийн байгууллагуудад хамтран ажиллах санал, хүсэлт явуулсан. Төрөөс энэ бүхнийг дэмжих юм бол хөтөлбөрийг шууд хэрэгжүүлэх боломжтой.
Урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрт ард иргэдэд элэгний өвчлөл түүнтэй тэмцэх, холбогдох үр дагавар, нийгэмд учруулж буй хор уршгаас өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах ойлголтыг өгөх нь чухал.
Мөн гепатит В вирусийн эсрэг вакцинжуулалтыг орон даяар нэвтрүүлнэ. Харин эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр нь орон даяар эрт илрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлэн иргэн бүрийг вируст гепатитын шинжилгээнд хамруулж, энэ төрлийн халдвартай хүмүүсийг улсын хэмжээнд бүртгэн авч цаг алдахгүй эмчилгээ хийнэ.
Сүүлийн үе шат буюу эмчилгээний дэд хетөлбөрт гепатитын эсрэг олон улсын стандартад нийцсэн эм, эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлэх юм.
-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад халдвартай гэдгээ мэдсэн тохиолдолд яах вэ. Хаана эхэлж хандах вэ?
-Хөтөлбөрийн хүрээнд 151103 гэсэн тусгай дугаарыг ажиллуулна. Урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг орон даяар хамруулна. Энэ үед халдвар авсан болон халдвартай нь тогтоосон тохиолдолд 151103 тусгай дугаарт өөрийнхөө мэдээллийг оруулах боломжтой. Мөн www.eleg.mn сайт руу ороод бүртгүүлэн эмчилгээ, оношилгоонд хамрагдана.
-Зах зээлийн үнээс хамгийн хямд үнэтэй шинэ төрлийн эм, эмчилгээ оруулж ирнэ гэсэн. Эдгээр нь одоо хэрэглэж байгаа эмнээс ялгаатай тал бий юу?
-Софосбувир нь гепатит С вирусийн тархалтыг саатуулагч бөгөөд вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эм. Олон улсын стандартын дагуу АНУ-д шат дараалан хийсэн судалгаагаар үр дүнтэй болохыг баталсан.
Үр дүн нь 90 гаруй хувьтайг дэлхийн эрүүл мэндийн байгууллага бөгөөд Ази номхон далайн орнууд хүлээн зөвшөөрсөн. Одоо АНУ болон дэлхийн олон оронд хэрэглэж байна. Энэхүү эмийг 3-6 сарын хугацаанд хэрэглэж байж нэг курс болдог. Үнийн хувьд нэг cap нь 300 ам.доллар.